Сэтгэл санаа тавгүй байх нь хийг хямраадаг

“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн Тасгийн эрхлэгч, УАУ-ы их эмч Б.Оюунзултай ярилцлаа.

-УАУ-д хүний насыг эрүүл мэнд, онцлогийн хувьд хэрхэн авч үздэг вэ? -Сайн цагийн эхэнд буюу Бурхан багшийн үед хүн төрөлхтөн 100 насалдаг байхад 0–16 нялхас, 16–69 идэр залуу, 70 ба түүнээс дээшийг хөгшид гэж ангилсан нь бий. Хүний нас насандаа өөр өөрийн өвөрчлөлтэй. Тухайлбал, нялхас нь бадганы, идэр залуус нь шарын, хөгшид хийн мөн чанар давамгайлдаг. Гэхдээ өвөрчлөл нь хий, шар, бадган гэж байхаас гадна хий нь шар, хий нь бадгантайгаа нийлсэн хурмал гэх мэт 7 төрөл байна.

-Та бидний яриа бол ахмадууд руу чиглэж байгаа. Тэдний хувьд бие махбодод нь ямар онцлог өөрчлөлтүүд явагддаг юм бэ? -УАУ-д 20 бэлгэ чанарыг хий, шар, бадгандаа хувааж үздэг. Үүнээс хий нь ширүүн, хөнгөн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн зургаан бэлгэ чанартай. Үүнийхээ эрхээр хөгшрөхөөр хий давамгайлдаг. Тодруулбал, уг насанд дээрх бэлгэ чанар арвидсанаар амархан даардаг, арьс үс нь ширүүн, хуурай, туранхай, бөгтөр болж, үг яриа олонтой, сэтгэл санаа тогтворгүй, их юм боддог, амархан уйлж хямардаг байх жишээний.

-Ийм үед яах ёстой вэ? -Хийгээ л дарах хэрэгтэй. Хий бол халуун, хүйтэнтэй, шар, бадгантай нөхөрлөдөг. Жишээ нь хий хямраад шартай нөхөрлөвөл шараа дороос нь үлээгээд хямраадаг байх нь л дээ. Ер нь хий, шар, бадган гурвуулаа гүйх мөр, орших оронтой. Бадган биеийн дээд хэсэгт буюу толгойд, шар нь дунд хэсэг буюу элэг цөсөнд, хий нь сүүж, бэлхүүсээр оршдог. Хийн гүйх мөр нь голчлон яс, арьс, чих, зүрх, амин судал, олгойн орнуудыг хямраадаг. Хүмүүс арьсан дээгүүр юм гүйгээд байгаа юм шиг санагдаад байна, чих шуугиад гэж зовуурьтай ирдэг нь хий хямарсны шинж юм. Хий хямраад нас ахиад ирэхээр хүний ходоодны галын илч багасдаг. Хүний идсэн идээ унд нь тунгалаг цөв болж ялгараад тунгалаг нь цус, мах, өөх, яс, чөмөг, дусал гэхчилэн долоон тамир болно. Цөв нь өтгөн, шингэн болж гадагшилна. Гэтэл хөгшрөөд ирэхээр дуслаасаа эхлээд барагдаж эхэлдэг. Тухайлбал, дусал барагдаад эхэлбэл цэвэршилт, чөмөг барагдаад эхлэхээр нүдний хараа бүрэлзэж, яс барагдаад яс үесээр нь хатгуулж өвдөнө, сийгнэ, мах барагдахаар турж эцнэ, ингээд тунгалаг барагдаад эцсийн амьсгалаа татдаг. Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд хүн бүрд адилгүй. Залуудаа юу дадуулсан, юу идэж ууж байсан, ямар ажил төрөл эрхэлдэг байсан гээд нөлөөлөх зүйл олон бий. Энэ нь үйлчлүүлэгчдээс харагдана л даа. 80-тай атлаа өөрөө тангаа буцалгаад, хөнгөн шингэн буурлууд олон байна. Энэ бол тухайн хүний залуудаа дадуулсан зөв амьдралтай холбоотой.

-Эрүүл дадлыг эрт эхлүүлэх хэрэгтэй юм байна даа. -Тэгэлгүй яах вэ. УАУ-д хөгшдийн өвчнийг тусад авч үздэг. Идээ унд, явдал мөрөө зохицуулаад л сурчих хэрэгтэй. Жишээ нь өглөө өлөн элгэн дээрээ бүлээн чанартай, өдөр ходоодны галын илч сайн байдаг шарын цагт сайтар хооллоод, орой арай хөнгөн хооллох гэх мэт.

-Хүүхдүүд бидний хувьд юу хийх ёстой вэ? -Түрүүн хийн бэлгэ чанарыг дурдсан даа. Тэгэхээр хүйтнийг халуунаар, хөнгөнийг хүндээр дарна. Явдал мөрийн тухайд онол дээр харанхуй газар сэтгэл зохистой биш гэж байдаг юм. Тэгэхээр дулаан газар, сэтгэл санааг нь тайван байлгаж, өөрт нь тааламжтай хүмүүсээр хүрээлүүлэх ч гэх юм уу. Уурлуулах, сэтгэл санаа тавгүй байх нь хийг дор нь хямраадаг. Хоолны хувьд адуу, хонь, борц, бурам, сонгино саримс, ялангуяа шар тосыг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй. Шар тос бол хуучрах тусмаа чадал нь нэмэгддэг. Хуучин шар тос нь оюуныг хурцална, 100 насыг шүтүүлнэ, дээдлүүлнэ гэдэг номтой. Шарсан хуурсан болон хоёрдугаар хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Жимс ногоо, гурил будаа сэрүүднэ. Тэгэхдээ зөвхөн хийг эмчилж байна гээд галын илч нь буурсан байгааг орхигдуулж болохгүй. Нойр булчирхай нь өвддөг, элэг цөс нь өөрчлөлттэй, ходоодны шархтай тохиолдолд бүлээн халуунаар бөмбөгдөөд байвал эсрэгээрээ хор болчих гэмтэй. Тийм болохоор мэргэжлийн эмчид хандаж оношлуулаад, зааврын дагуу хоол ундаа зохицуулахыг зөвлөж байна. Гэрийн нөхцөлд ясны шөл буюу шимт ясны шөлөнд оруулж болно. Манай эмнэлгийн готол эмчилгээ гэж байна. Цагаан гаргалга байна. Манай эмийн сангаар дүдзи 5 рашааныг зардаг. Аваад рашаан дэвтээлэгт оруулж болно. Манай эмнэлгийн зөвлөх эмч, Г.Одонцэцэг багшийн зөвлөгөө байдаг шүү дээ. Шар тосонд хуушуур хайраад, яс үесээр нь бигнүүр тавьж болж байна. Хий ясанд шунадаг болохоор том үеүдийг сайн тосолж байх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд шар тосыг алчуурт шингээж халаагаад, арчиж өгч болно, жин тавина. Ингэхдээ хийн цагт буюу үүр, үдшийн цагаар хэрэглэнэ. Энд нэмэхэд зун бол хийн улирал. Тэр утгаараа зуны цагт илүү анхаарах хэрэгтэй. Эмчийн заавраар хийн бэлчрүүдийг тосолж болно. Өглөөдөө хоёр халбага арвайн гурил, халбага зөгийн бал, тал халбага шар тос, халуун бүлээн усан дээр хийгээд ууж болно. Гэрийн нөхцөлд лишээр цай чанах, задийг сүүтэй цайнд нь хутгаж өгөх, бурам хэрэглэх, нэрмэл архи шар тостой уух нь хий сайн дарна. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Энэ нь ходоодны галын илчийг тэтгэж, хийг дардаг байх жишээний. Бас ааруулын шүүс ууж болно. Тэгээд доороос нь дааруулахгүй, салхитай газар удаан суулгахгүй, салхи авхуулахгүй байх хэрэгтэй. Мэдээж сэтгэл санааг нь тайван байлгана. Хүн нас ахих тусам яриасаг болдог. Тэр болгонд нь тосож аваад яриад байхаар хий нь арвидчих гээд байдаг юм шүү.

-“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэгт ахмад настнуудад ямар ямар эмчилгээ хийдэг вэ? -Түрүүн хэлсэн ахмадуудын хувьд хийгээр өвчний үзүүр хөдлөөд хямардаг. Тэгэхээр эмчилгээний суурь бол хийг дарна. Үүнд, бүтэн биеийн зөөлөн бариа, эсгийт төөнүүр, утаат төөнүүр, давсан жин, шороон жин, алчууран жин, ясны шөл, рашаанд оруулах, готол эмчилгээ, тангийн эмчилгээ гэх мэт олон эмчилгээг хийж байна.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундармаа

Эх сурвалж: https://tinyurl.com/w38jrj6b https://medium.com/@bodisetgelten.hospital

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top