Урт насалж, арвин ихээр буянаа хураацгаая
Урт насалж, арвин ихээр буянаа хураацгаая! Бид нэгнээ ерөөхдөө “Эрүүл энх, урт удаан наслах болтугай” гэж ерөөдөг. Учир нь бид чөлөө учралт хүний энэ төрөлд наад зах нь 85 нас, бүр 100 насалж зургаадай таяг тулж үзмээр байна. Энэ 100-хан жилд хүн болж төрснийхөө хэргийг амжиж бүтээх хэрэгтэй байна. Харин “30 нас хүрлээ яанаа?”, “40 нас, 50 нас хүрлээ яанаа? ...”, “Би 60 нас хүрчихлээ???”, “70 хүрэх нь байна шүү дээ???” гэх мэт нас нэмэгдэх тусам үүнийг гэм хийчхэж байгаа юм шиг, буруу ч юм шиг, их муухай мэтээр хүлээж авч болохгүй ээ. Харин өөрийн сэтгэл, оюун санаа, сүнсийг минь тээж яваа энэ биед өдөр өдрөөр таван махбодын элэгдэл доройтолд орж байгаа тул эвтэйхэн, ариунаар, эрүүлээр эдлээд авч явах хэрэгтэй. Бидний бие эрүүл, бүрэн бүтэн байвал 80 насанд ч бидний чухал эрдэнэ болох сүнс тэрхүү биед тухтай, хийморьтой, гэрэлтэй, тунгалаг оршин тогтноно. Бид өдөр бүрийн үйлдлээ ухамсартайгаар, хичээнгүйгээр, бүтээлчээр туурвиад, агшин бүрд өөрийн болон бусдын тусад нигүүлсэнгүй сэтгэлээр буяны үйлийг үйлдээд, тарни ном, ерөөл магтаалаа урин уншаад, цувиралтгүй эрдэмд тасралтгүй суралцаад, оюун ухаанаа гэгээрүүлээд л явах хэрэгтэй. Нас нэмэх тусам та нэлээд зузаан буян хурааж, урьд урьдахаасаа илүү сэтгэл нь ариусаж, оюун нь гэгээрч, орчлонгийн үнэн номыг ухаараад туршлагажаад байгаа бол энэ нь таны хүний ертөнцөд олон жил амьдарч байгаа нь ерөөлтэй сайхан ач буян юмаа. Бас дараа дараачийн төрөлдөө хийж буй буяны том хөрөнгө оруулалт болно.
Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос