БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭРЭЭ АРИУН ЭМЭГТЭЙ БОЛ ХАМГИЙН САЙХАН ЭМЭГТЭЙ
Буддын гүн ухааны доктор, мисс О.ТӨГС-АМГАЛАН: БИЕЭ ЭМЧЛҮҮЛЭЭД ЗОГСОХГҮЙ ТАНИН МЭДЭХҮЙН МАШ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ 10 ХОНОГИЙГ ҮДЛЭЭ.
Энэ удаагийн ярилцлагынхаа зочноор бид “Бодь сэтгэлтэн” эмнэлгийн үйлчлүүлэгч, Мисс О.Төгс-Амгаланг урин ярилцсан юм.
-Шинэ танил, шинэ “ертөнц”, шинэ ярилцлага. Яг энэ цаг мөчид би дуртай. Яриагаа “Бодь сэтгэлтэн”-тэй танилцсан түүхээс эхэлцгээх үү?
-“Бодь сэтгэлтэн” эмнэлгийн тухай фейсбүүк хуудаснаас нь анх олж мэдсэн. Миний хувьд ганц нэг удаа судсаа бариулж, тан уусан ч УАУ-ы эмнэлгээр үйлчлүүлж байсангүй. Яг одоогийнх шиг нарийн ширийнийг мэдэхгүй учраас ач холбогдол өгсөнгүй иржээ. Харин сүүлийн жилүүдэд ядарч сульдан, ойр ойрхон өвдөөд, олон эмнэлгээр явсан ч төдийлөн үр дүн гарсангүй. Тэгсэн номын багш “Чамаас их хүйтэн мэдрэгдэж байна. Биеэ сайн эмнүүлээрэй. Хий чинь ясанд шунасан байна” гэж хэлдэг юм.
- Номын багш аа...?
- Тийм ээ, хэргийн тухай алдрыг айлтгахад “Буман ханд” холбооны тэргүүн Ч.Гүнзээ гэж сайхан хүн бий. Миний номын багш нараас ганц эмэгтэй нь болох Ч.Гүнзээ багшийгаа би Дагина хэмээн боддог. Ингээд зөвлөснөөр нь “Бодь сэтгэлтэн” эмнэлгийн Г.Одонцэцэг эмчид үзүүлсэн. Эмч судас бариад “тольдсон” мэт хэлэхэд “Энэ эмчээр эмчлүүлбэл би эдгэрэх юм байна” гэсэн сүжиг өөрийн эрхгүй төрсөн. Би чинь эх хүн, гэрийн эзэгтэй. Тэр утгаараа ганцхан өөрийгөө эмчлүүлээд зогсохгүй нөхөр, хүүгээ ч үзүүлэн, хамтдаа хэвтэж эмчлүүллээ.
- Яах аргагүй л гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд гэрийн эзэгтэйн гарт байдаг шүү, тийм ээ.
- Яг үнэн. Эхнэр байна, ээж байна гэдэг өндөр хариуцлага, тэвчээр бас ухааныг шаарддаг. Бүсгүй хүн ээж болсноор нигүүлсэнгүй сэтгэл илүү төрдөг бол УАУ энэ сэтгэлийг илүү хөгжүүлдэг юм байна.
Эрүүл байхыг хүсвэл, бусдыг ч бас эрүүл байгаасай гэвэл эрүүл амьдрах арга ухаанд суралцах хэрэгтэй ажээ. Энд заавал эмч гэлтгүй ээж аав нар, хүүхдүүд ч гэсэн мэдээд, өдөр тутамдаа хэрэгжүүлэх зүйл үнэхээр их байна аа. Жишээлбэл, 0-16 насанд хүүхдийн эд эрхтэн төлждөг учраас бүлээн шимтэй, халуун тослог хоолыг өгөх хэрэгтэй гэнэ. Энэчлэн ханиад хүрвэл тан өгч болохыг, идээ ундаа, явдал мөрийг зохицуулсанаар өвдөхгүй эрүүл амьдарч болохыг, өдрийн хий, шар, бадганы цагтаа хэрхэн хооллохыг гэхчилэн гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах хэмжээний мэдлэгийг олж авлаа. УАУ гэдэг ямар гайхамшигтай юм бэ. Ямар гайхалтай эмчилгээний аргууд байна вэ. Энэ нь таван махбодоос бүтсэн бидний биед ямар сайн таардагийг биеэрээ үзлээ, баяртай байна. Би хэд хэдэн их сургуулийг төгссөн хүн. Гэсэн ч УАУ-ы талаар уншиж, судлаад ахиад “Оточ Манрамба” их сургуульд нь сурах сан гэж бодсон шүү. Эмч болохгүй ч чөлөө учрал бүрдсэн энэ биеийн шимийг нь авч, их үйлийг бүтээе гэвэл энэ мэдлэг зайлшгүй хэрэгтэй ажээ.
- Өнөөдөр эмнэлгээс гарч байгаа юм байна, тийм ээ.
- Тийм ээ, 10 хоног эмчлүүлээд гарч байна. Биеэ эмчлүүлээд зогсохгүй танин мэдэхүйн маш их ач холбогдолтой 10 хоногийг үдлээ. Эмнэлэгт хэвтэж байхдаа “Г.Одонцэцэг эмчийн зөвлөгөө I.II”, “Уламжлалт анагаах ухаан” номууд, МУ-ын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн ярилцлага бүхий сэтгүүлийг уншлаа. Уг нь би өөрийн үзэж судалснаар эрүүл хооллож, эрүүл агаарт амьдарч байгаа атлаа өвдөөд байгаагийн шалтгаанаа олохгүй явжээ. Гэтэл бүгд учир жанцантай байж. Таван махбодь, долоон тамир, хий, шар, бадган гэж ямар учиртай юм. Хий, шар, бадган ихдэж багадсанаар биед яаж нөлөөлөх үү. Өвчний хол, ойрын шалтгаан юу вэ гээд уншсан бага залуугаасаа идээ ундаа, явдал мөрөө буруудуулснаа ойлголоо. Эмч ч тэгж хэлсэн. Би эд эрхтэн төлжих насандаа цагаан хоолтон болчихсон. Дунд нь их ч мацаг барьсан. Бүр сараар нь мацаг барих ч үе байлаа. Мөн хүйтэн чийгтэй газар хий арвиддаг гэнэ. Би дунд сургуулиа төгсөөд, Бээжинд их сургуульд сурахаар явсан юм. Тэнд толгой өвдөнө, шөнө нойр хүрэхгүй хөрвөөж хононо гэхчилэн зовуурь байсан ч нас бага болохоор тоосонгүй л дээ. Ингэж хүйтэн чийглэг орчинд, цагаан хоолтой явсан нь олон жилийн өмнөөс хий босох нөхцлийг бүрдүүлжээ.
- Тэгвэл маргаашаас танай гэр бүлийн өдөр тутмын амьдралд ямар, ямар өөрчлөлт орох бол оо?
- Юун түрүүнд эмчийн өгсөн тангуудыг тухай бүрт нь цаг алдалгүй ууна. Мөн хий, шар, бадганы цагуудаа сайтар тэмдэглэн, хийн цагуудад халуун бүлээн шар тостой хий дарах унд ууна. Мөн усанд орсны дараа биеэ шар тос эсвэл сүүлний тосоор тослох ёстойг мэдэж авсан. Энэ нь хийг дарахад онцгой нөлөөтэй аж. Миний хувьд цагаан хоолтой олон жил явсан болохоор мах тэр дотроо хонины мах төдийлөн хэрэглэдэггүй юм. Гэтэл хонины махны ашиг тус ямар их юм бэ? Жишээ нь хийг дарахад хонины бүлээн чанартай шөл эм гэдгийг мэдсэн учраас цаг улиралдаа тохируулан хүнсэндээ хэрэглэнэ гэхчилэн олон өөрчлөлт орох бололтой.
ЕРӨӨЛ ТАВИХЫН ТУХАЙТАД БИ ЧИН БАТ СҮЖГЭЭР ИТГЭДЭГ
- Ер нь яагаад цагаан хоолтон болохоор шийдсэн юм бэ?
- Би их дэврүүн хүсэлтэй охин явлаа. 12,13 настайдаа Поль Брэггийн “Өлсөхүйн гайхамшиг” номоос өлсвөл гэгээрнэ гэж уншдаг юм. Ийм төрлийн ном монгол хэл дээр цөөн байж л дээ. Миний зорилго энэ насандаа гэгээрэх байлаа шүү дээ. Нөгөө талаас бурханы шашинтай эмээ өвөө дээрээ өссөн нь бас нэг түлхэц болсон. Ер нь хүний зовлон гутамшиг бол эс мэдэхүй буюу мунхагийн харанхуй гэдэг. Тэгэхээр хоолны тухай ойлголтгүйгээс өөрийн бие махбодыг төлжих үед нь цагаан хоол идээд доройтуулчхаж. Уг нь биеийг таван махбодь төгөлдөр идээ ундаар тэтгэнэ гэж байгаа юм. Энд үүнийг яагаад ярьж байна гэхээр 12-20 насны хурган ходоодон дээр галын илч бага байх учраас сайн хооллох ёстойг ойлгуулах гэсэн юм.
- Одоо цагаан хоолтон биш биз дээ?
- Хөл хүнд болоод цагаан хоол идэхээ больсон.
- Эмээ, өвөөгийн охин байх нь ээ. Тэдэнтэйгээ өнгөрүүлсэн дурсамж дандаа л нандин байдаг шүү. Гоё дурсамжаар яриагаа үргэлжлүүлэх үү?
- Би эмээ, өвөөгийндөө 8 сартайгаасаа 8 нас хүртлээ амьдарсан. Тэр үед ээжийгээ их л санадаг байлаа. Харин өнөөдөр эргээд бодоход их аз завшаан, буян заяагаар өвөөгийндөө өсөж дээ гэж баярладаг юм. Эмээ минь намайг дагуулаад өдөр бүр Гандан орно, хүрд эргүүлж, гороо хийнэ. Тааралдсан хүүхэд бүхэнд чихэр өгч, сүм хийдэд хандив өргөнө. Багш дээдсийн номонд суулгаж, Очирдарийн дуганы хашаанд тоглуулна. Өөрөө өглөө бүр 4,5 цагт босоод, бурхан шүтээнийхээ тоосыг арчиж, цай сүүнийхээ дээж, зул хүжээ бурхандаа өргөн, аврал итгэлээ одуулаад, 108 мөргөл хийнэ. Сүүлд нь цэх суугаад хийн дасгал, бясалгалыг хийдэг сэн. Би ч өглөө бүр эмээтэйгээ уралдан босоод, дагаж 108 мөргөж сурсан. Бас “Үлгэрийн далай” ярьж өгч, “Сандуйн жүд”-ийн хураангуй тарни, Дүншигийн 35 бурханы зарим нэрийг цээжлүүлнэ. Харин өөрөө “Цагаан лянхуа”, “Жадамба”, “Тарвачэнбо”, “Доржзодов” тэргүүтэй судрыг ихэд нямбайлан хуулан бичдэг. Мөн өдөр бүр махан хоол идэхийн өмнө рашаан, үрэл өгч, арцаар ариулдаг байлаа. Дүйчэн өдрүүдийг алгасахгүй мацаг барьж цагаан хоол иднэ. Эмээ минь есөн хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ өндөр хариуцлагатай ажил хийж, үнэхээр завгүй амьдрахдаа нэг ч удаа итгэл үнэмшлээ алдаагүй.
- Та ингэхэд ямар, ямар чиглэлээр суралцсан юм бэ?
- Хятад хэлний багш орчуулагчаар бакалавраа төгсөж, англи хэл дээр “Бизнесийн удирдлага”-аар магистраа хамгаалсан. Дараа нь СУИС-д “Буддын гүн ухааны бясалахуйн соёл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Сүүлд “Жавзандамба Хутагт” төвд суралцаж төгсөөд, үргэлжлүүлсэн найм дахь жилдээ номоо үзээд явна. Энэ жилээс Жод Лүйжингээ үзэж эхлүүлсэн.
- Таны маргаашийн зорилгоос сонирхож болох уу?
- Лүйжин унших багын хүслээ биелүүлэхээр сүүлийн найман жил бие, сэтгэлээ бэлдэж, энэ жил багшдаа шавь орсон. Энэ оны 11,12-р сард Ч.Гүнзээ багш Бодгаяад Далай багшийн дэргэд Лүйжингийн их ерөөлийг хурна. Багш Монголд Жод лүйжингийн уламжлалыг таслалгүй сүүлийн 10 жил хурсаар ирсэн мундаг хүн. Харин энэ жил анх удаа Энэтхэгт хурна. Би тэрнээс наана номоо сайтар сурч, зун хээрийн бэлтгэлд гарна. Дараа нь багштайгаа, тэнд хурсан олон зоч лам нартай хамтдаа ном хурах ерөөлөө тавиад, зорилгоо болгоод явж байна.
- Ерөөл тавих... Энэ нь тун чухал болохыг багш нар ярьдаг. Хоёулаа ерөөл тавихын тус эрдмийн талаар ярилцах уу?
- Ерөөл тавихын тухайтад би чин бат сүжгээр итгэдэг. Ерөөл ямар хүчтэйг өөрийн биеэр мэдэрч яваа хүн. Миний ажил амьдрал дээр цаг тутамд ерөөлийн ач буян гарч, үр нь дэлгэрдэг. Би сурч боловсроод, дараа нь хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн. Ингээд яг ёсоор болоход эргэл мөргөл хийн, сүм хийдээр явж маш их ерөөл тавьсан. Хөл хүнд болсон цагаас өдөр бүр Богдсын ном “Цагаан лянхуа”-г уншдаг байлаа. Номд “Аливаа хүмүүний сэтгэлд зохистой сайхан дүртэй, сайхан билэг оюунтай хүүтэй болохыг хүсвэл “Цагаан лянхуа” судрыг уншаарай. Хүмүүний сэтгэлд зохистой сайхан дүртэй, сайхан билэг оюун төгс охинтой болохыг хүсвэл болно “Цагаан лянхуа” судрыг уншаарай” гэсэн байдаг юм. Ингэж өдөр болгон таслалгүй номоо уншин, ерөөл тавьсаар сайхан хүүтэй болсон.
Ерөөлийн талаар хүмүүст ойлгомжтой өөр жишээ татъя. Эмээ өвөө нар дараа төрөлдөө Диваажин, Энхжингийн оронд төрөх сөн гэж ярьж, ерөөл тавьдаг даа. Үр хүүхэд, төрөл төрөгсөд нь ч өтгөсөө үдэхдээ “Диваажингийн ерөөл”, “Энхжингийн ерөөл”, “Шамбалын ерөөл” зэрэг номыг хуруулдаг. Диваажин гэдэг нь Энхжингийн буюу Амидэва бурханы орныг хэлэх бөгөөд тэнд ерөөлийн хүчээр төрнө гэж байгаа юм. Чин бат сүжгээр “Энхжингийн оронд төрнө өө” хэмээн ерөөл тавьж чадвал дараа төрөлдөө уг ерөөлийнхөө хүчээр лянхуа цэцэгнээс мэндэлдэг. Харин ерөөл тавьчхаад үхэл мөнх бусыг үзэхийн цагт “Би төрж чадах болов уу” хэмээн өчүүхэн төдий эргэлзээтэй сэтгэл төрөнгүүт лянхуа цэцэг нь дэлбээлэхгүй 500 жил болчихдог. Тэгэхээр ерөөл гэдэг ямар хүчтэй байх нь вэ. Дээрээс нь тавьж байгаа ерөөлдөө чин бат, ямар ч эргэлзээгүй, буруу муу атгаггүй сэтгэлгүйгээр итгэх хэрэгтэй. Энэчлэн Энхжингийн ариун орны тухай ном зохиолууд дээр маш их өгүүлдэг дээ.
БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭРЭЭ АРИУН ЭМЭГТЭЙ БОЛ ХАМГИЙН САЙХАН ЭМЭГТЭЙ
-Ингээд ном үзээд явахаар эгэлүүдийн үзэж байгаа аз жаргал, зовлонг өөрөөр хардаг болчихдог байх даа?
-Багш нар маань “Ном гүнзгийрэхээр үйл гүнзгийрнэ”, “Атга ном сурахын тулд хормой буян хэрэгтэй” гэж хэлдэг. Ер нь мэдэх тусам мэдэхгүйн хүрээ тэлдэг гэдэг. Амьдрал ямар ээдрээтэй болохыг ойлговол Дээдийн ном ямар чухал болохыг ухаарна. "Бодь мөрийн зэрэг" номд "Ариун номын толинд хартал алмай мунхаг төрхөө танилаа, Алмай мунхаг төрхөө танимагц ашид гэгээрэхийн хүслэн төрлөө" гэсэн байдаг. Цастын мэргэдийн оройн чимэг Богд Зонхова бээр “Зовлон гутамшиг бүхний үндэс үл мэдэхүй буюу мунхаг” хэмээжээ. Тэгэхээр Дээдийн номд суралцах явцад тулгарч буй саад бэрхшээл бүхэн үнэндээ зовлон биш харин сайн сайханд хүргэх жаргал юм даа хэмээн зовлонд илүү хүлээцтэй хүлцэнгүй ханддаг болдог юм билээ.
-Тийм байх нь ээ. Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Тодруулбал, миссийн тэмцээнд орж байсан даа. Тэр чинь хэдэн он билээ.
- 2015 онд Канадад болсон “Мисс глоб” буюу ”Бөмбөрцгийн мисс” тэмцээнд оролцож “Шилдэг аялал жуулчлалын мисс”, “Мисс авьяас” номинацийн эзэн болж байлаа. Тухайн үед монголынхо нүүдэлчин ахуй соёлын талаар илтгэл тавихад гадныхан маш их сонирхон хүлээж авсан. Тэмцээний дараа оролцогч охидоос сэтгэлийн үгтэй сайхан захидлуудыг цахимаар илгээсээр байлаа. Захидалд “Танай оронд очиж үзэх сэн, Чам шиг монгол дээл хийлгэж өмсмөөр байна” гэж хүртэл бичсэн байсан гээч. Би тэмцээний өдрүүдэд монгол дээлээрээ гоёсон нь охидод их таалагдсан байна лээ. Үүнээс хоёр жилийн дараа дэлхийд рейтингээрээ хоёрт багтдаг “Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож II байранд орсон. Хүн байгальтайгаа хэрхэн шүтэн барилдаж амьдардаг тухай хийсэн видео бичлэг маань ийнхүү өндөрт үнэлэгдсэн нь монголчуудын авсан анхны том шагнал байгаа юм.
- Гайхалтай. Би саяхан “Трио” МУСК-г үзсэн юм. Энд нүүдэлчдийн соёл, хүн байгалийн шүтэн барилдлагын тухай гаргаснаараа гадны олон наадмаас шагнал авсан болов уу гэж бодсон. Бид гайхалтай түүхтэй ард түмэн шүү. Ингэхэд ийм том тэмцээний дараа хувь хүнд юу үлддэг юм бэ?
-Үнэ цэнтэй олон сайхан зүйл надад үлджээ. Наад захын жишээ нь өдөр тутамдаа өөрийгөө арчилж биеэ тордохоос эхлээд олон орны хөөрхөн охидтой сайхан найзууд боллоо. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой байдаг юм. Би тэмцээнд нүүр, нүдээрээ гоёхоос илүүтэй нүүдэлчин ардынхаа нүгэлгүй соёлоор гоёх сон гэж хүсч, түүнийгээ ч биелүүлсэн.
- Таныхаар сайхан эмэгтэй гэж хэн бэ?
- Хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл нь гадаад дүр байдал дээр илэрдэг гэж Дээдийн номд үздэг. Бурханы ном дахь хамгийн сайхан эмэгтэйн төлөөлөл бол Өндөр гэгээний бүтээсэн Ногоон Дарь эх бурхан шүү дээ. Эмэгтэй хүнд байж болох бие, хэл, сэтгэлийн дээд туйлыг харуулсан бөгөөд энэ тухай өгүүлэхдээ:
“...Биеийн нүглийг ариусгаснаар үзэсгэлэнгийн цогийг бадруулсан,
Хэлний нүглийг ариусгаснаар галбингийн эгшгийг дуурсгасан,
Сэтгэлийн гэмийг ариусгаснаар үнэмлэхүйн номыг нээсэн” гэж байгаа юм. Товчхондоо бие, хэл, сэтгэлийнхээ хилэнц нүглийг бараад, эрдмийг нь тодруулсныг хэлээд байгаа юм. 84 мянган нисваанисын муу сэтгэлийг дараад, 84 мянган номын цогцыг дэлгэрүүлсэн гэсэн үг. Тэрийг үзэсгэлэнгийн дээд гэж ярьдаг байх нь л дээ. Тэгэхээр бие, хэл, сэтгэлээрээ ариун эмэгтэйг хамгийн сайхан эмэгтэй гэж хэлнэ ээ.
- Яриа маань өндөрлөх тийшээ хандаж байна. Сүүлийн асуулт. Та “Бодьсэтгэлтэн” эмнэлгийн “Өглөөний уншлага”-д сууж үзэв үү?
- Тэгэлгүй яах вэ. Эмнэлэгт хэвтэх хугацаандаа өдөр бүр таслалгүй суусан. Би Буддын гүн ухаанд суралцагч учраас өдөр бүр хийдэг буяны найруулга уншлага, залбирал, мөргөл байна аа. Тэгтэл эмнэлэгт бясалгалд зориулан тохижуулсан тав тухтай өрөөг олж хараад шууд л сэтгэл татагдсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа ч Бурхан шүтээндээ аврал итгэл одуулж, залбирал мөргөлөө хийж болно гэхээр үнэхээр сайхан юм. Энэ өрөөнд өглөө бүр эмч нар нь уншлагаа уншаад, өөрийгөө оточ Манла бурханд бясалгаснаар тэр өдрийн эмчилгээгээ эхлүүлдэг. Өвчтөнүүд нь бие сэтгэлээ ажиглан шинжилж бясалгадаг. Түүгээр ч үл барам өглөөний уншлагын дараа Г.Одонцэцэг эмч бидэнд УАУ-ы талаар маш ойлгомжтойгоор тайлбарлан ярьж өгдөг. Ер нь “Бодь сэтгэлтэн” эмнэлгийн жижиг деталь бүрээс Г.Одонцэцэг эмчийн сэтгэл, чадвар, хөдөлмөр харагдсан. Үнэхээр л УАУ-ы гайхамшгийг цогцоор нь мэдрүүлж чадсан тав тухтай онцгой газар юм. УАУ-ыг өндөрт өргөж ийм сайхан газар орныг бүтээн босгосон эмчийнхээ буянд даган баясч талархан суулаа. “Бодьсэтгэлтэн” эмнэлэгт хэвтэж байхад надад нэг биш удаа төрсөн сэтгэгдэл юу байсан бэ гээч.
-Юу юм бол доо?
- Монголчуудын хамгийн сайн мэддэг “Дэ Жангум” киноны үйл явдал өрнөдөг цаг үед очсон мэт санагдсан шүү. Кинонд оточ маарамбууд судас барьж оношлоод, дараа нь түүнийхээ дагуу эм танг нь нарийн дэс дараалал, дэг жаягийн дагуу бэлтгэж уулгаад, ямар хоол идэх үү, явдал мөр нь ямар байх вэ гээд л хоорондоо зөвлөлдөцгөөдөг. Яг л түүн шиг “Бодьсэтгэлтэн” эмнэлгийнхэн эмчилж буй хүнээ нарийн сайн оношлоод бас нарийн сайн эмчилдэг. УАУ эмч гэдэг бол үнэхээр агуу эрдэмд суралцсан хүмүүс байдаг юм байна. Гэхдээ хийж байгаа ажил нь харагдаж байгаа шигээ амархан биш ажээ. Асар их сэтгэлийн тэнхээ, энэрэн нигүүлсэнгүй бодь сэтгэл гээд жирийн эмчээс үлэмж илүү сэтгэлтэй байж л УАУ эмч болдог юм байна. Сударт "Хэвтрийн хүнд өвчтэй хүнийг асарч сувилах нь хоосон чанарыг бясалгахаас ч илүү их буян хураадаг" хэмээсэн нь бий. Хэдий хэмжээний их сэтгэл зүтгэл гаргана түүн шигээ мөн арвин их буяныг хураана. Тиймээс “Бодь сэтгэлтэн” эмнэлгийн хамт олны агуу үйлсэд даган баясч, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
- Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

mn
Дээш шилжих