Билэг оюун гэгээрэхүй гэж бий. Учир нь гэгээрэхүйн эрдэм гэж бий.
Түүнд суралцахад тухайн хүний мэдлэг оюуны чадамжаас шалтгаалаад анхан, дунд, дээд шатны сургалт бий. Сурах арга нь бий. Судар ном нь ч бий. Түүнд суралцаад гэгээрэхүйн чинадад хүрсэн мэргэд дээдэс ч бий.
Төрөлх өндөр түвшний билэг оюуны чадамжтай, бас хувилгаан биеийг олсон ч бас л энэхүү билэг оюуны гэгээрэхүйн эрдэм ухаанд суралцаж, мэдлэг, чадварыг бүрэн эзэмшсэн эсэх нь нотлохуйн шалгуураар баталгаажиж, дээдэс мэргэдийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.
Монголын болон бусад орны дээдэс мэргэд, хутагт, хувилгаад, эрдэм төгс багш нар энэ л зарчмаар олон өдөр хоног, сар жилээр заалгаж, суралцаж, уншиж, бичиж, дадуулж, суурьшуулж, бясалгаж, шинжилсний эцэст гэгээрэхүйн эрдмийг олдог уламжлалтай.
Хэрэв та нигүүлсэнгүй бодийг сэтгэлийг олж сэтгэлээ цэвэршүүлж, билэг оюунаа мунхагийн харанхуйгаас салгах гэж зорьсон бол эрдэм төгс багшаа сайтар шинжиж олох хэрэгтэй.
Учир нь сэтгэл оюун гэдэг баригдахгүй ч их эмзэг, гэмтэж, өвчлөхдөө хурдан байдаг, буруугаар удирдвал галзуу солио өвчин тусах эрсдэлтэй.
Бидний амьдарч буй нийгэмд “тийм юмны хувилгаан”, “сүнсний сэрэлт болсон хүн”, “зөн билэгтэн” гэж өөрийгөө зарлаад, бусдын сэтгэлийг удирдах, хувь тавиланг нь заах гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж буй хүмүүс мэр сэр гарч байна.
Зарим хүн амьдралын янз бүрийн зовлонд өртөх, байгалийн гэнэтийн гамшигт өртөх, аваарт орох зэрэг үед гэнэт амин хийн гүйдэл нь хүчтэй өөрчлөлтөнд орж, сэтгэл нь янз бүрийн хий адад хорлогддог. Тэд ямар адад хорлогдоно, түүнийхээ шинжийг үзүүлдэг. Түүний нэг шинж нь өөрийгөө их мэргэн, хувилгаан, сүнсний сэрэлт нь болсон, шидтэн хэмээгээд их яруу сайхнаар ярих, ил далдыг хардаг хэмээн өөрийнхөө болон бусдын хувь тавиланг тодорхойлох зэрэг үг яриа, үйлдэл гаргадаг.
Тийм хүмүүсийн яриаг эхлээд сонсоход үнэн мэт боловч, учир шалтгаанаар шинжлээд үзэхэд зүгээр л дэмий солиорол байдаг. Тэд бусдын оюун санаа, сэтгэлийг гэмтээж өвчлүүлээд зогсохгүй, өөрийнх нь өвчин нь улам бүр даамжрах аюултай.
Хүн гэдэг амьтан зургаан зүйлийн амьтдын эрхэм төрөлтөн. Тиймээс хүний бие маш нарийн бүтэц үйл ажиллагаатай, бас хүний сэтгэл маш нарийн бүтэц, үйл ажиллагаатай.
Өөрийн бие, сэтгэлээ зөв мэдлэг, зөв аргаар эрүүл, тэнцвэртэй байлгах нь хүн бүрийн эрхэм үүрэг, хариуцлага юм.